Зургаа дахь Жэймс Бонд болох Даниел Крейг “007: ҮХЭХ Ч ЗАВГҮЙ” цувралд сүүлийн удаа тоглоно.
Тус цувралд Даниел Крейгээс гадна Рами Малек, Лашана Линч, Леа Сейду, Бен Уишоу, Наоми Харрис, Рэйф Файнс нар тоглож, найруулагчаар Кэри Фүкүнага ажиллажээ.
007 цувралын 25 дахь бүтээл бөгөөд Даниел Крейг тав дахь удаагаа Жэймс Бондын дүр бүтээгээд байна. Түүнээс өмнө “Casino Royale(2006)”, “007 Quantum Of Solace(2008)”, “007 Skyfall(2012)”, “007 Spectre(2015)” гэсэн цувралуудад Жэймс Бондын дүрийг бүтээжээ.
Даниел Крейг Пирс Броснангийн дараагийн Жэймс Бондоор сонгогдоход өмнөх Жэймс Бондтой таарахгүй байна хэмээн шүүмжлэлд өртөж байв.
Даниел Крейгээс өмнө Шон Коннеритой төстэй жүжигчид Жэймс Бондын дүрийг бүтээж байжээ. Тэд бүгд том нүд, өтгөн хөмсөг, хар үс, дур булаам, төлөв төвшин жүжигчид байсан.
Харин “007 Casino Royale” ашиг орлоготой, амжилттай анги болж чадсанаар Даниел Крейгийн талаарх үнэлгээ эрс өөрчлөгдсөн. Тэрээр түүхэн дэх хамгийн удаан, хамгийн олон Жэймс Бондын дүрийг бүтээжээ.
Даниел Крейг олон жилийн өмнөөс энэ дүрд тоглохоо болих талаар ярьж эхлэхэд дараагийн Жэймс Бондын талаарх маргаан тасралтгүй үргэлжилсэн. Тийнхүү маш олон жүжигчид тэрхүү алдар нэрийн жагсаалтад багтаж бас хасагдаж байв. Өмнөх Жэймс Бондтой төстэй эрэгтэй жүжигчид, мөн огт өөр дүр төрхтэй өнгөт арьстан жүжигчид, эмэгтэй жүжигчид уг жагсаалтад багтаж байлаа.
Шинэ цуврал “007: ҮХЭХ Ч ЗАВГҮЙ”-д тоглож байгаа Лашана Линч дараагийн Жэймс Бондод хамгийн түрүүнд нэр нь дэвшиж шуугиан тарив. Тэрээр энэ удаагийн цувралд “Bond girl” биш, анхны “Bond woman” бөгөөд Жэймс Бондоос 007 аллагын эрхийг авч байгаа дүр гэж таамаглаж байгаа. Тус цувралын Жэймс Бондын дүрийг Даниел Крейг сүүлийн удаа бүтээнэ. Лашана Линч түүний тэр дүрийг шинэ “007” цувралаар үргэлжүүлэх эсэх нь баттай бус байгаа.
Эмэгтэй Жэймс Бондын дүр гарах цаг нь хараахан болоогүй гэсэн бодолтой хүн олон байгаа ба дараагийн Жэймс Бонд мэдээж эрэгтэй байх ёстой гэж үзэж байгаа. Ялангуяа телевизийн цувралаар олонд танигдсан Сэм Хьюэн, Ричард Мэдден нар хамгийн хүчтэй нэр дэвшигчид. Хоёулаа Англи гаралтай, биерхүү, царайлаг. Сэм Хьюэн “Нетфликс”-ийн “Outlander”, Ричард Мэдден “HBO”-ийн “Game Of Thrones”, “Нетфликс”-ийн “Bodyguard” зэрэг киногоор олонд танигджээ.
Түүнээс гадна Идрис Эльба, Том Харди, Том Хиддлстон, Киллиан Мерфи зэрэг чадварлаг, нэр хүндтэй жүжигчид тус жагсаалтад багтав. Ялангуяа Идрис Эльбагийн хувьд өнгөрсөн жил өнгөт арьст Жэймс Бонд гарах нь гэсэн цуу тарахад хамгийн хүчтэй нэр дэвшигч байсан. Тухайн үед “007” цувралын продюсер Барбара Брокколи “Хүчтэй хүн хэрэгтэй” гэсэн нь Идрис Эльбагийн талаарх нааштай байгааг харуулж байжээ.
Дараагийн Жэймс Бонд хараахан сонгогдоогүй байгаа боловч Даниел Крейг “007: ҮХЭХ Ч ЗАВГҮЙ” цувралд сүүлийн удаа тоглоно. Кино бүтээгдэхээсээ л нууц байсан тус киноны үйл явдал одоо хэр нь нийтэд дэлгэгдээгүй байгаа ба цувралын түүхэн дэх хамгийн их хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа шигээ маш их хүлээлтийг үүсгээд байгаа билээ.
“007: ҮХЭХ Ч ЗАВГҮЙ” кино 2020 оны 4-р сарын 10-нд нээлтээ хийнэ.