Жастин Бибер 1-р сарын 9-ний өдөр өөрийн инстаграм хуудаснаа “Олон хүн намайг хар тамхи хэрэглэж байна гэж байгаа ч, үнэндээ бол би хачигт боррелиоз гэж оношлогдон өвчинтэйгөө тэмцэж байгаа” гэж хэлжээ.
Америкийн оддын “TMZ” хэвлэлд “Жастин Бибер хачигт боррелиоз өвчинтэй тэмцэж байгаа” гэж нийтэлсэн байна. Түүний дараагаар Бибер өөрөө шүтэн бишрэгч нартаа өөрийн өвчний талаар хэлсэн.
Хачигт боррелиоз өвчин нь хачгаар зөөвөрлөгдөж нян халдварладаг өвчин. Хоёр дахь ДОХ гэж ч нэрлэгддэг. Хачигт хазуулахад боррелиоз нян биед орж, эрхтнүүдийг өвчлүүлдэг.
Бибер “Хачигт боррелиоз гэж оношлогдон, арьс, тархины үйл ажиллагааны доройтол зэрэг эрүүл мэндэд нөлөөлөх архаг эмгэгтэй болсон.”, “Үүний талаар баримтат цувралаар үзүүлэх болно” гэж тайлбарлажээ.
Тэрээр өвчинтэйгөө тууштай тэмцэж байгаа. “Сүүлийн хэдэн жил эмчилгээнд бүхнээ зориулсаар ирсэн. Эмчилгээний зөв аргаар сайн тэмцэж, өвчнөө ялан дийлж байгаа. Эрүүл болоод эргэн ирнэ” гэж хэлсэн байна.