2021 оны 9-р сарын 30-ны өдөр Америкийн CNBC телевиз, Variety зэрэг мэдээллийн хэрэгслүүдэд Холливудын жүжигчин Скарлетт Йоханссон Дисней компанийн эсрэг үүсгэсэн кинонд тоглосны дараах цалин хөлсийг тойрсон заргаа буцааж, тохиролцоонд хүрсэн гэж мэдээлжээ. Скарлетт Йоханссон Дисней компанитай 40 сая ам.долларын тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдээд байна. Скарлетт Йоханссон өөрийн мэдэгдэлдээ “Дисней компанитай ойлголцсондоо баяртай байна.”, “Бид өнгөрсөн олон жилийн турш хамтдаа хийж бүтээсээр ирсэнд үнэхээр бахархалтай байна. Цаашид ч бас хамтдаа хийж бүтээх болно гэдэгт найдаж байна” гэжээ.
Дисней компанийн контент хариуцсан захирал Алан Бергман “Харилцан тохиролцоонд хүрсэнд үнэхээр баяртай байна. “Tower of Terror" киноноос авахуулаад цаашид олон төсөлд Скарлетт Йоханссонтой хамтран ажиллах болно гэж найдаж байна” хэмээн хэлсэн байна. 2021 оны 7-р сард Скарлетт Йоханссон Дисней компанийн охин компани “Марвел”-ийг “Black Widow” киног кино театр болон онлайн платформ болох “Disney +” –т зэрэг нээлтийг нь хийж гэрээгээ зөрчсөн гэж үзэн Лос-Анжелесын дээд шүүхэд зарга үүсгээд байсан билээ. Скарлетт Йоханссоны тал зөвхөн кино театр гаргана гэсэн нөхцөлтэйгөөр “Black Widow” кинонд тоглохоор гэрээ хийсэн боловч, “Disney +” –т нээлтээ хийснээр кинонд тоглосны дараах хөлсийг бууруулсан гэж үзэж байсан юм. Тиймд хохирол нь 50 сая ам.доллар гэж тооцжээ. Талуудын шүүхийн маргаан удаан үргэлжлэхээр байсан боловч, эцэст нь харилцан тохиролцож чаджээ.