Токио олимпын турш цацагдсан Марвелын шинэ бүтээл “Eternals” киноны телевизийн зар сурталчилгаагаар “Зөвхөн кино театруудад 11-р сарын 5-ны өдөр” гэж харуулан “Eternals” кино зөвхөн кино театруудад нээлтээ хийнэ гэдгийг Дисней компани мэдэгджээ. Америкийн CBR ““Eternals” киног зөвхөн кино театруудад гаргана гэдгийг мэдсэн кино театрууд санаа амарч байна” гэж мэдээлжээ.
Өмнө нь Дисней компани дэлхий нийтийг хамарсан ковид 19 цар тахлын улмаас “Мулан”, “Раяа ба Сүүлчийн Луу”, “Круэлла” зэрэг өөрийн киног кинотеатр, видео сан, дисней+-ээр нэгэн зэрэг нээлтээ хийсэн. Мөн өөр нэгэн кино бүтээгч том компани болох “Warner Bros” бас “Dune”, “Matrix 4” зэрэг шинэ кинонуудаа өөрийн OTT(Over The Top) болох HBO Max-аар нэгэн зэрэг нээлтээ хийнэ гэж мэдэгдэж байсан.
Үүний талаар Кристофер Нолан найруулагч нээлттэй захидлаар “Кино салбарын чухал байр сууринд байгаа кино бүтээгч, жүжигчдээс зарим нь өөрсдийгөө хамгийн сайн кино студитэй ажиллаж байна гэж бодсон хэдий ч, үнэндээ хамгийн муу дамжуулалтын үйлчилгээ(streaming service)-ний төлөө ажиллаж байгааг мэдэж авлаа” гэж “Warner Bros”-ийг хүчтэй шүүмжилжээ.
Америкийн хамгийн том сүлжээ кино театр болох AMC болон бусад кино театрын үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч бас хүчтэй эсэргүүцсэн. Кино театр – OTT -ээр нэгэн зэрэг киноны нээлтээ хийх төлөвлөгөөг мэдмэгцээ AMC-ийн ерөнхийлөгч Адам Арон ““Warner Bros” нь HBO Max-ийг дэмжихийн тулд студи, үйлдвэрлэлийн түнш, кино бүтээгчийн ашгаас тодорхой хэсгийг золигт гаргахаар төлөвлөжээ” гэж шүүмжилсэн байна.
Гаднын хэвлэлүүд ч бас кино театр – OTT -ээр нэгэн зэрэг киноны нээлтээ хийх арга барилын талаар “Урьд хожид байгаагүй түүхэн арилжаа” гэж дүгнэж байгаа бөгөөд энэ нь кино салбарт ихээр нөлөөлнө гэж үзэж байна. Ийнхүү кино салбарт санаа зовоосон бодит байдлууд үүсээд байна.
Скарлетт Йоханссон нь Дисней компани кино театрт нээлтээ хийх гэрээгээ зөрчиж, “Black Widow” киног кино театр болон “Дисней+”-ээр нэгэн зэрэг нээлт хийснээс болж 50 сая долларын хохирол амслаа гээд Америкийн Лос Анжелесын шүүхэд хандаад байна. Мөн “Круэлла” киноны гол дүрийн жүжигчин Эмма Стоун бас шүүхдэхээр бэлдэж байгаа гэнэ.
Үүний талаар Америкийн “Screen Rant”-ээр “Скарлетт Йоханссон Диснейг шүүхэд өгсөн нь Холливудыг өөрчлөх болно” гэж нийтэлжээ. Зарим хуулийн мэргэжилтнүүд өөрчлөлт бий болно гэж үзэж байгаа билээ. Ядаж л адилхан заргуудаас зайлсхийхийн тулд Дисней компани зарим гэрээгээ дахин хэлэлцэх болно. Мөн жүжигчдийн тоглолтын хөлсийн дийлэнх нь boxoffice-ийн ашгаас бүрддэг гэрээг бас дахин нягтлахаас өөр аргагүй болно гэж үзэж байгаа юм.