83 жилийн ойтойгоо золгож буй Бэтмэн дахин залуужиж кино театруудыг эзэллээ. Холливудын жүжигчин Роберт Паттинсон(36 настай) сарьсан багваахайн нөмрөгийг өвлөн авсан “The Batman” (найруулагч Мэтт Ривз) кино дэлхийн боксоффист 1-рт бичигджээ. “The Batman” нь DCEU -н ертөнцийг үзэх үзлээс ангид бүтээл юм. Бэтмэн нь 1939 онд DC comics-д анх гарч ирсэн бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой найруулагчид өөрсдийнхөөрөө олон янзаар бүтээж байсан. Тим Бертон, Кристофер Ноланаас авахуулаад энэ удаад “War for the Planet of the Apes”, “Cloverfield” цувралын найруулагч Мэтт Ривз ажиллажээ. Бодит бус гамшгийн дунд хүний мөн чанарыг харуулж ирсэн тэрээр өмнөх бүтээлүүдийнхээ үзэл санааг Бэтмэний одоогийн өнгө төрхөд шингээсэн байна.
Тус кинонд зохиомол Готам хотод цуврал аллага, ялзарсан улс төр ба цагдаа, мафийн гэмт хэрэг, үймээн самуун ба дээрэм тонуул гэх зэрэг Америкийн харанхуй бодит байдлыг бодит мэт дүрсэлжээ. Бэтмэн нь тэрбумтны өв залгамжлагч Брюс Уэйн гэдгээ нууж, сайн дураар сайн үйлсэд хүчин зүтгэсээр 2 дахь жилтэйгээ золгож байгаа тухай өгүүлдэг. Багадаа дайсныхаа гарт эцэг эхээ алдсан тэрээр уур хилэнгээ барьж ядсан ширүүн төрх, бүрэн эзэмшээгүй хувцас, зэвсэг гэх зэрэг алдаанаасаа суралцаж байгааг онцгойлон харуулах ажээ. Кино шүүмжлэгч “rottentomatoes” сайтад хэвлэл мэдээлэл, кино шүүмжлэгчдийн хандалт таван өдрийн байдлаар 85%-д хүрч, “The Dark Knight” (2008 он) 94%, түүний дараагийн анги “The Dark Knight Rises" (2012 он) 87%-ийн дараа 3-р бичигдсэн байна.
Тус кино нь 176 минут үргэлжлэх ажээ. “The Batman” кино нь олон нийтийн хүртээл болохоос өмнө хамгийн урт “Batman” кино байх болно хэмээн шуугиад байсан билээ. Өмнө нь хамгийн удаан үргэлжилсэн “The Dark Knight Rises" кино 164 минут байсан. “The Batman” кино нь Холливудын супер баатартай блокбастер киноноос хамгийн удаан үргэлжлэх хугацаагаар 2-р бичигдэж байна. 181 минут үргэлжлэх “Авенжерс: Эцсийн тулаан” киноноос 5 минутаар л богинохон байна. Саяхан нээлтээ хийсэн “Хүн-Аалз: Буцах замгүй” киноны үргэлжлэх хугацаа 148 минут байжээ.
Холливудад сүүлийн үед урт кино бүтээх явдал их болсон гэсэн судалгаа гарчээ. Америкийн “variety” сайтад “Сүүлийн үед кинонууд яагаад ийм урт болоод байна вэ?” гэсэн гарчигтай нийтлэлд Batman, Spiderman, мөн ноднин нээлтээ хийсэн Денис Вильнёв найруулагчийн шинжлэх ухаан, уран зөгнөлт “Дьюн” (155 минут), Дон Лигийн тоглосон “Этерналууд” (155 минут) зэрэг кинонуудыг жишээгээр дурджээ. Жүжигчин Даниел Крейгийн Жеймс Бондын сүүлчийн анги болох тагнуултай, тулаант 'No Time To Die” кино 163 минут үргэлжилж, “Морь харах ч завгүй (No Time to Pee)” гэсэн хөгжилтэй яриа гарсан байна. Ридли Скотт найруулагч ноднин жил 152 минутын дундад зууны түүхэн кино “The Last Duel”, мөн 158 минутын “House of Gucci”-ийг бүтээжээ. Стивен Спилберг найруулагч “West Side Story” мьюзиклийг кино театрт ижил нэртэйгээр 156 минутын кино болгон бүтээсэн байна.
“Variety” сайт энэ үзэгдлийг “The Grand Heist”, “Ben-Hur”, “The Ten Commandments” зэрэг 4 цаг орчим үргэлжилдэг их бүтээлүүд кино театруудад гардаг байсан үетэй харьцуулсан байна. Айл бүрд байдаг зурагттай өрсөлдөхийн тулд “Буйдангаасаа босож, хөлс хүчээ урсган олсон мөнгөө кино театрт төлөх тийм үнэ цэнтэй”-д хүчээ үзэж буй эрин үе юм. Ийм стратеги нь гэнэт нэрд гарсан сүүлийн үед сэргэн мандсан гэж хэлж болно. Мөн “Бөгжний эзэн”, “Харри Поттер”, “Оддын дайн” цуврал зэрэг компьютер график(CG), визуал эффект(visual effect)-д их хөрөнгө оруулсан шинжлэх ухаан(SF), уран зөгнөлт(fantasy) блокбастер киноны хувьд үзэгдлээ гайхуулахын тулд киноны үргэлжлэх хугацааг урт болгож байсан. Сүүлийн үед Холливудын том кинонууд ч бас ийм чиг хандлагыг баримталснаар киноны үргэлжлэх хугацаа уртассан гэсэн судалгаа бий.
“The Batman” киноны найруулагч Мэтт Ривз “Энэ киноны түүхийг бүтээх явцдаа шинэ ертөнцийг бүтээсэн. Тэрхүү ертөнц нь асар ихээр мэдрэгдсэн” гэж хэлсэн байна. Ийнхүү өмнөх ангиудад маш ихээр анхаарч, ертөнцийг үзэх үзлийг нь хэвээр авч явах цуврал бүтээлүүдийг бүтээж байгаа нь киноны үргэлжлэх хугацааг уртасгасан шалтгаан гэж үзэж байна. Мартин Скорсезе найруулагчийн “The Irishman” 209 минут, HBO max-ийн дахин найруулж гаргасан “Zack Snyder’s Justice League” киноны үргэлжлэх хугацаа 242 минут ажээ.
Кино урт байж л жинхэнэ бүтээл гэдгээр хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн Холливудын олон жилийн итгэл ч бас тодорхой хувь нэмрээ оруулж байна. Америкийн “Business Insider”-т кино шүүмжлэгч Пит Трэвисийн үгийг ишлэн “Холливудын студийн киноны үргэлжлэх хугацаа нь 2 цагт хүрэхгүй байвал Оскарт нэр дэвших талаар бодоод хэрэггүй” гэж нийтэлжээ. Ашиг олоод зогсохгүй Академийн шагналд хамгийн их буюу 14 номинацын эзэн “Титаник” киноны үргэлжлэх хугацаа 194 минут байсан. 2022 оны 03 сарын 27-ны өдөр зохиогдох 94 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшсэн 10 бүтээлээс “Belfast” (94 минут), “CODA” (111 минут)-аас бусад нь бүгд 2 цаг гаруй үргэлжлэх ажээ.
“The Batman” кино яг одоо кино театруудаар гарч байна.
Зургийн эх сурвалж: Warner bros