Хэн ч байсан сайнтай, муутай нь татагдахаар төгс бүтээл болсон байна. “Хүүхэлдэйн кино” гэх төрөлд нь үлдээж үл болох чанартай бүтээл “Элементийн эзэд”.
2023 оны 06 сарын 23-ны өдөр нээлтээ хийсэн “Элементийн эзэд” нь гал, ус, агаар, шороо гэсэн 4 элемент амьдардаг Элементийн хотын тухай өгүүлэх Дисней болон Пиксар студийн шинэ бүтээл юм.
“Галын улс” Эмбер, “Усны улс” Вэйд нарын хувь тавилангаар учирсан хайрын түүх бөгөөд шинэ боломж, жинхэнэ хүсэл мөрөөдөл, мөн мах бодуудын ижилсэл, гэр бүлийн хайр гээд хүний амьдралыг харуулсан ажээ.
Эмэгтэй гол дүр Эмбер нь хотын захын Галын хотод эцэг эхийнхээ дэлгүүрийг өвлөн авах гэж байгаа нийгмийн доод давхаргынх. Эрэгтэй гол дүр Вэйд нь хотын захиргааны төрийн албан хаагч хийгээд нийгмийн гол нөлөө бүхий дээд давхаргын гэр бүлийн гишүүн.
Санаандгүй Эмберийн дэлгүүрт тааралдсан тэр хоёр дотно найзууд болж, бие биеэ гайхалтайгаар өөрчилдөг. Биш ээ, дахин төрсөн гэж хэлэхэд хилсдэхгүй. Бодит байдалтай нүүр тулж, эв найртайгаар бие биеэ хайрлаж, сэтгэл догдлуулдаг.
Улмаар төрөлхийн зан чанараа хамгаалаад зогсохгүй шинэ боломжийг хайж шинээр эхлүүлэх нь яг л жинхэнэ өөрийгөө олох хэрэгтэй гэдгийг ухааруулдаг. Тус киног онцгой технологиор гайхалтай найруулжээ. Үнэхээр гайхамшигтай хөгжим, өөрийн гэсэн өнгө төрхтэй дүрүүдийн хамтрал, бодит мэт дүрслэл, нулимс дуслуулах төгсгөл гээд бүгд төгс.
Бусдад хүлээн зөвшөөрөгдөн “Райлигийн бодол”, “Сүнсний ертөнц” киноны араас 76 дахь удаагийн Каннын кино наадамд албан ёсоор уригдахын зэрэгцээ наадмыг хаах бүтээлээр сонгогджээ.
Дэлхий дахины кино шүүмжлэгчид магтан сайшааж, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд байна. Эмберийн дотоод ертөнц, амьдрал ихээр өөрчлөгдөх тусам үзэгчдийн сэтгэл хөдлөлийг ч бас нэмэгдүүлэх аж.
Эцэг эх, хүүхдийн харилцаа, үе хоорондын ялгаа, нийгмийн давхарга хоорондын харилцаа, зөрчилдөөн, хэвшсэн үзэл санаа зэрэг олон талаас ихийг бодогдуулах ажээ. Юу юунаас илүү өргөн дэлгэцээр үзээрэй гэж зөвлөе.
Зургийн эх сурвалж: Disney