4-р сарын 21-ний өдөр Сони пикчерс “Веном 2” киноны албан ёсны нэр, нээлтийн өдрийг нийтэд зарлав. “Веном 2” кино нь “Venom: Let There Be Carnage” нэртэйгээр 2021 оны 6-р сарын 25-ны өдөр олны хүртээл болох ажээ.
Веном нь Хүн Аалзны хүчтэй дайснуудын нэг. 2018 онд олны хүртээл болсон “Веном” кино нь хорон санаатан баатрын дүртэй Марвелийн уран сайхны кино хийгээд Сони Марвел Юниверсийн анхны бүтээл гэдгээр хүлээлт үүсгэж байсан. Сони Марвел Юниверс нь Марвелийн комик номоос Сони пикчерсийн борлуулах эрхтэй Марвел студийн хийгээгүй киног бүтээх аж.
“Веном” кинонд Эдди Брок(Том Харди) хэрхэн Веном болсныг өгүүлсэн бол “Веном 2”-т өөрөөсөө илүү хүчтэй хорон санаатантай тулалдах ажээ. “Веном 2” киноны гол хорон санаатан Карнаж(Клетус Кэседи)-ийн дүрийг Вүүди Харрельсон бүтээнэ. Кэседи “Веном” киноны дараагийн ангийг танилцуулах бичлэгт цуврал аллагын сэжигтэн болж хоригдож байгаагаар зурвасхан гардаг. Кэседи Эддид “Би эндээс гарвал асар их хэмжээний аллага болох болно” гэж хэлдэг.
Комикт Веномоос унасан симбиот Кэседид наалдсанаар Карнаж бий болдог. Карнаж Веномоос улаан өнгөөрөө ялгаатай ба тэмтрүүл биеэс нь гарч хөдөлдөг. “Веном 2” кинонд Кэседи Карнаж болж байгаа үйл явдлыг харуулах бололтой.
“Веном 2” кинонд Карнажаас гадна өөр нэгэн хорон санаатнаар Шриек гарч ирэх аж. Карнажийн найз бүсгүй Шриекийн дүрийг Наоми Харрис бүтээх ажээ. Эх зохиол комикт Шриек дууны хэлбэлзлээр дэлбэрэлт үүсгэж чаддаг ба хүний сэтгэл хөдлөлийг удирддаг. Эх зохиолд Карнаж, Шриек хоёр Карнажийн гэр бүлийг цогцлоон Нью-Йорк хотын иргэдийг алж хяддаг тухай өгүүлдэг.
"Веном" кинонд Хүн Аалз хэсэгхэн гарах талаар яригдаж байсан боловч Дисней эсэргүүцсэнээр больсон. 4-р сарын 22-ны өдөр Том Харди өөрийн инстаграм хуудаснаа Веном Хүн Аалзтай хамт байгаа зургийг оруулж, төд удалгүй устгасан нь Хүн Аалзны дүр байгаа гэсэн магадлалыг улам ихээр нэмэгдүүлж байна.
Зургийн эх сурвалж: Sony pictures, Marvel comics