5-р сарын 1-нд нээх The Devil Wears Prada 2 кинонд багагүй цаг хугацаа туулсан 3 гол дүрийн амьдралыг дэлгэн үзүүлнэ. Энэ удаад Runway загварын сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Миранда (Мерил Стрип), 20 жилийн дараа редактор болж эргэн ирсэн Андреа (Анн Хэтэуэй), тансаг брэндийн удирдах ажилтан болсон Эмили (Эмили Блант) нар хувьсан өөрчлөгдсөн медиа орчинд загварын салбартаа ноёлохын төлөө өрсөлдөх болно.
Өмнөх ангийг найруулсан Дэвид Франкелтай ажиллаж буй кино бүтээлчид шинэ ангийг цоо шинэ агуулгаар өрнөнө гэж мэдэгдсэн билээ. Найруулагч Франкел “Эхний анги нээлтээ хийсний хойтон жил ухаалаг утас хэрэглээнд нэвтэрсэн, хэвлэмэл сэтгүүлийн зах зээл хумигдаж байгааг хараад яаж өөрчлөхөө тунгааж дүрүүдийг эргэн уулзуулах нь зүйтэй гэж шийдсэн.” гэж тайлбарлав
Харин кино зохиолыг бичсэн Алин Брош Маккенна “Шинэ сонголт, саад тотгор, ондоо харилцаа ор тас өөр орчныг бүрдүүлнэ.” гэж зохиолын санаа, хамрах талбар өргөжсөнийг онцлов. Эрс өөрчлөлтийн дунд хамгийн их анхаарал татах дүр нь Runway сэтгүүлийг удирдаж буй эрхлэгч Миранда. Мерил Стрип “Зогсолтгүй өөрчлөгдөх бүхэн байр суурийг нь ганхуулж болзошгүйг ухааравч Миранда барьц алдалгүй ухаалгаар багаа удирдаж сэтгэл зүрхээ зориулна.” гэж дүрээ танилцуулжээ. Хүнд үед ч шантаршгүй тэмцэгч бизнесийн манлайлагчийн дүрийг тэр гаргах ажээ.
Шинэ ажилтны гараанаас эхэлж, Runway-г хямралаас аварсан, төлөвлөлтийн редактор болтлоо өсөж өндийсөн Андреагийн өөрчлөлт ч ихээхэн сонирхолтой. Анн Хэтэуэй “Өнгөрсөн 20 жилийн замналдаа сэтгэл дүүрэн, амжилттай яваа бүсгүй” гэж дүрээ тодотгов. Бас “Ололт амжилтаараа бахархдаг болсон, даруу зангаа ч гээгээгүй Андреа танил Мирандагийнхаа шинэ түнш нь болно.” гэв.
Цагтаа Мирандагийн нарийн бичиг явсан Эмили одоо тансаг брэндийн удирдах ажилтан болжээ. Эмили Блантын хэлж байгаагаар “Бусдад томоохон нөлөө үзүүлэхүйц өндөр зэрэгт хүрсэн Эмили одоогийн нөхцөлдөө сэтгэл ханамжтай, загварын ертөнцийн бэлгэ тэмдэг болох туйлын зорилготой нэгэн” гэнэ. Эрх мэдэл, албан тушаалын хоёр туйлд байсан энэ 3 хүний харилцаа эрчимжсэнээр шинэлэг мэдрэмж, үзэгчдэд оюунлаг таашаалыг төрүүлэхээр айсуй.
The Devil Wears Prada 2 кино 5-р сарын 1-нд нээлтээ хийнэ.






