Диснейн алдартай хүүхэлдэйн кино “Моана” энэ удаа уран сайхны кино болж дэлгэцнээ гарах агаад үндсэн зурагт хуудас, 2 дахь трэйлер нь цацагдлаа. Хүүхэлдэйн киноны өмнөх цувралууд нийтдээ 1.7 тэрбум долларын орлого ашиг олжээ.
Зурагт хуудсанд гол дүрүүд болох Моана, Мауи, Пуа, Хэйхэйг нэг дор цуглуулж үзэгчдийг шинэ адал явдалд урьсан байна. Онцолж дуулгахад хүүхэлдэйн кинонд дүр бүтээсэн жүжигчид оролцон тоглож шүтэн бишрэгчдээ баярлуулахаар зэхжээ.
Цуг цацагдсан 2 дахь трэйлер нь далай тэнгис, нутаг усандаа хайртай, далайд сонгогдсон охин Моанагийн тухай дуугаар эхэлж байна. Залгаад Моана, домогт баатар Мауи нар уулзаж, гар бие нийлж байгааг харуулжээ. Ялангуяа “Би гүнж биш.”, “Дэлхийг хамтдаа аварцгаая.” гэж хэлж байгаа нь ямар адал явдалтай учрах бол гэсэн сониуч бодлыг өдөөнө.
Кэтрин Лагайя, Дуэйн Жонсон нар Моана, Мауигийн дүрд сурамгай жүжиглэж байгаа нь тун сонирхолтой. Өмнөд Номхон далайн үзэсгэлэнт байгаль, өмнөх бүтээлээр танил болсон дуу хөгжим өнгө үзэмж, хөг аялгуу нэмж, “Гарахаар нь заавал үзнэ ээ.” гэх сэдлийг өгнө.
Хүүхэлдэйн киноны хувьд олон орны сая сая үзэгчдийн хайр талархал хүлээж амжилт олсон бүтээл билээ. Тэгээд ч тэр үү уран сайхны кино хийх болсныг нь сонсоод сураг ажиг тавьсаар иржээ.
Кинонд Дуэйн Жонсон Мауид тоглож, хүүхэлдэйн киноны Моанад дуу оруулсан Ауи Кравальо ерөнхий продюсероор оролцож байна. Тэгээд зогсохгүй “Хамилтон” хөгжимт жүжгийн найруулагч Томас Кайл найруулагчаар ажиллаж байгаа учир гайхалтай бүтээл туурвина гэдэгт эргэлзэх зүйлгүй.
Дисней студийн “Моана” уран сайхны кино 7-р сарын 10-нд албан ёсны нээлтээ хийх болно.






