“Game of Thrones” эмгэнэлтэй дууссан боловч уг цувралын нэр хүндийг гол дүрийн жүжигчин Эмилиа Кларк авч явсаар байна.
Америкийн HBO сувгийн “Game of Thrones”(2011-2019) цувралын Денерисийн дүрээр дэлхий дахинаа танил болсон Эмилиа Кларк “Game of Thrones” цуврал дууссаны дараа ч амжилтаа ахиулсаар явна. Тулаантай киноноос гадна романтик инээдмийн кинонд хүртэл олон дүрд хэрхэн тоглосныг товч танилцуулъя.
Эмилиа Кларк домогт “Терминатор” цувралд оролцож зөгнөлт киноны гараагаа эхэлжээ. Түүний тоглосон “Терминатор-5: Эхлэл” бол “Терминатор-1” киноноос өмнөх үеийн эхлэлийг өгүүлсэн кино. 2029 онд Жон Коннорын удирдсан босогчид болон робот арми Скайнет нарын хооронд өрнөх ирээдүйн дайн, 1984 онд Жон Коннорын ээж Сара Коннорыг аврах өнгөрсний дайн, 2017 он буюу одоо үеийн дайныг зэрэг харуулсан зохиомжтой.
Эмилиа Кларк домогт дайчин Сара Коннорын дүрд тоглосон нь хамгийн анхны бүтээсэн тулалддаг дүр юм. Уг кино нь сайн үнэлгээ аваагүй хэдий ч Эмилиа Кларкийн тулалдахыг харах боломж олгосноороо дажгүй кино гэх нь зөв. “Терминатор: Эхлэл” нээлтээ хийхийн өмнө Эмилиа Кларкийг өмнөх ангиудын Сара Коннорт тоглосон Линда Хэмилтонтой огт төсгүй, тохирохгүй гэсэн санал зонхилж байв. Гэвч кино ч гарч, хүмүүс ч үзэхэд харин ч нэг Сара Коннорт тоглох ёстой хүн гэдгээ нотолж чадсан юм.
“Терминатор”-ын дараа олон орны кино хорхойтнуудын хамгийн хайртай “Оддын дайн” цувралд тоглов. Дэниэл Крэйг, Жозеф Гордон-Левит нар “Оддын дайн”-ы бишрэгч нар гээд Камеод тоглох хүсэлтээ илэрхийлсэн бол, Эмилиа Кларк гол дүрд ядах юмгүй сонгогдов. Эмилиа Кларкийн тоглосон “Соло: Оддын дайны түүх” кинонд урьд нь Харрисон Фордын тоглосон Хан Сологийн залуу үеийн түүхийг өгүүлдэг. Залуу Хан Сологийн дүрийн Олден Эренричээс илүү Хан Сологийн анхны хайр Кирагийн дүрд Эмилиа Кларк тоглох болсон нь шуугиан тарив.
Кира Денерисээс дутахааргүй дур булаам дүр бөгөөд өсвөр насаа тэнүүлч амьдралаар өнгөрүүлж, гэмт хэрэгтнүүдийн дунд зартай нэгэн болоод Хан Солотой дахин уулздаг. Эмилиа Кларк хүсэл тэмүүлэлдээ шатсан бүсгүйн дүрийг өөрийнхөөрөө урлаж, Хан Солод нэг итгэж нэг эргэлзэж байгаа дүрийн дотоод зөрчлийг чадварлаг харуулж үзэгчдийн сэтгэлд хүрсэн билээ.
“Game of Thrones” Эмилиа Кларкийн амьдралд чухал байр эзлэх цуврал мөн. Харин “Me Before You” кино түүний хувьд маш чухал кино. Киноны агуулга “зовиургүй үхүүлэх” асуудлын талаар маргаан үүсгэсэн боловч жүжигчдийн сэтгэл уяруулам тоглолт олон хүний аньсагыг чийгтүүлж амжилт олсон юм.
Англи зохиолоос сэдэвлэсэн “Me Before You” кинонд бүх бие нь мэдээгүй болсон өвчтөн Will, хагас жил түр асрагчаар ажиллахаар болсон Lou нарын амьдралыг өөрчилсөн хайрын түүхийг өгүүлдэг. Эмилиа Кларк өөртэй нь тун төстэй дүр болох Lou-ийн дүрд тоглох болж цаг үргэлж инээмсэглэж явдаг ч гаслант хайр сэтгэлдээ шаналах бүсгүйн дүрийг тун сайн гаргасан.
Эмилия Кларк 12 сард романтик инээдмийн Өнгөрсөн Зул Сар (Last Christmas) киногоор үзэгчидтэйгээ учран золгох гэж байна. Ихэвчлэн эмэгтэйчүүдийн сэдэвт кинонд ажилладаг найруулагч Пол Фэг тус киног найруулна. Кинонд гэр орон, хүсэл мөрөөдөл, хайр сэтгэлийн аль нь ч байхгүй гол дүр Кэйт зул сарын бэлэг гэж болохоор Том гэдэг залуутай учирч байгаа тухай гарна.
Энэ киногоор Эмилиа Кларк “яахаа мэдэхгүй амьдрал”-ын үнэнийг харуулна. Найз нарынхаа гэрт хоног төөрүүлж, хээ шаагүй тэрээр мюзиклийн шалгаруулалтдаа ч цагтаа очдоггүй, хүсэл мөрөөдлөө гэх тэмүүлэлгүй нэгэн. Болж бүтэж байгаа юмгүй амьдралд зүг чигээ олохгүй яваа Кэйтийг харсан хүмүүс “Арай ч дээ” гэж бачимдавч эцэстээ үзэгчдийн сэтгэлийг догдлуулам үйл явдал болно.
Эмилиа Кларк Кэйтэд тоглохдоо далд авьяасаа ил гаргаж дуу дуулжээ. Томын дүрд тоглосон Хенри Голдингтой сайхан хоршсон нь энэ кинонд дурлах бас нэгэн шалтгаан мөн.
Өнгөрсөн Зул Сар кино 12 сарын 6-нд нээлтээ хийнэ.