К. С. Льюисийн зөгнөлт цуврал “Нарниагийн шастир” номоос сэдэвлэн бүтээсэн Narnia: The Magician’s Nephew 2027 оны 2-р сарын 12-нд нээлтээ хийх гэж байна. Киноны уран бүтээлчид саяхан киноны зурагт хуудас, трейлерийг танилцуулжээ.

Little Women, Barbie киногоороо танигдсан найруулагч Грета Гервигийн найруулсан тус кино нь Нарниа хэмээх шидэт ертөнц хэрхэн үүссэнийг өгүүлэх уран зөгнөлт, адал явдалт кино юм. Эх зохиол долоон ботиос үйл явдлын он дарааллаар хамгийн эхэнд өрнөдөг түүхийг дэлгэцнээ амилуулна. Трейлерт Дигори охин, хөрш хүү Полли нар авга ах Эндрюгийн урласан шидэт бөгжөөр үл мэдэгдэх ертөнцөд очиж байгааг харуулжээ.

Хүүхдүүдийн өмнө гарч ирэх уудам нутаг, хачирхалтай амьд биес тэдний адал явдлын эхлэл болно. Киноноос агуу арслан Аслан дуу хоолойгоороо Нарниаг бүтээж байгааг, хожим Цагаан шулам гэгдэх болсон Жадис Нарниад анх хэрхэн хөл тавьсныг харж болно. Нарниагийн цувралын бэлгэ тэмдэг болсон хоёр зүйл болох замын гэрэл, хувцасны шүүгээ юунаас эхлэлтэйг ч мэдэх боломжтой. Өмнө нь кинонд гаргаж байгаагүй Нарниагийн ертөнцийн гарал үүслийг үзэгчид анх үзэж сонирхох ажээ.

Найруулагч Грета Гервиг өмнөх хоёр бүтээлээрээ өөрийн гэсэн өвөрмөц үзэл санаа, авьяас билгээ нэгэнт харуулсан билээ. Түүний баялаг төсөөлөл, бүтээлч сэтгэлгээг томоохон кино үйлдвэрлэлийн хүчин чадалтай хослуулсан энэхүү шинэ бүтээл нь эх зохиолын агуулгыг мэддэг үзэгчдэд танил ертөнцийг цоо шинэ өнцгөөс харуулж, Нарниагийн түүхтэй анх танилцаж байгаа хүмүүсийг асар уудам зөгнөлт ертөнцөд нэвтрэн орох үүд хаалга болох нь ээ.

Narnia: The Magician’s Nephew 2027 оны 2-р сарын 12-нд нээлтээ хийнэ.