Том оврын зорчигч тээврийн Боинг-747 онгоц байшинтай мөргөлдөнө. Гал дүрэлзэж, асар хүчтэй мөргөлтийн дуу чимээ орчныг цочооно.
Энэ бол 5-р сарын 22-ны өдөр цацагдсан “Tenet” киноны трэйлерийн нэг хэсэг. Компьютер график(CG)-аар бүтээсэн хэсэг гэж бодож болох юм. Учир нь хэчнээн Холливудын кино ч гэлээ том оврын зорчигч тээврийн онгоцыг эвдлэхгүй гэж хэн хүнгүй бодож байгаа.
“Tenet” кино бол Кристофер Нолан найруулагчийн шинэ бүтээл юм. Нолан найруулагч аналогийн цочирдом бодит байдлыг дэлгэцнээ буулгадгаараа алдартай. Бодит байдлыг мэдрүүлэхийн тулд барилгыг ч дэлбэлсэн, дэлхийн 2-р дайны үеийн байлдааны усан онгоцыг ч худалдаж авч байсан. Дижитал эрин үед ч урьдын адил зургийн хальсан дээр буулгадаг, мөн IMAX зураг авалт хийдэг.
Нолан найруулагч Америкийн “Total film” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Уг нь тэр хэсгийг бага хэмжээст загвар(miniature), VFX(visual effects)-ийг хослуулан зураг авахаар төлөвлөж байсан боловч, Калифорни мужийн Викторвиллд зураг авалтын өмнөх судалгааны үеэр хуучин нисэх онгоцыг олсон.”, “Бага хэмжээст загварыг бүтээж, компьютер графикаар хийхээс илүү жинхэнэ онгоц худалдаж аваад зураг авалт хийх нь илүү үр дүнтэй гэж дүгнэсэн” гэж хэлжээ.
Улмаар “Инээдтэй нь, нэг төрлийн худалдан авах дон гэх үү дээ” гэж хэлсэн Нолан найруулагч “Үр дүн нь маш сайн байсан. Үнэхээр сэтгэл хөдөлгөм ажил байсан” гэж хэлэн киноны талаарх өндөр хүлээлтийг үүсгээд байна. Коронавирусийн халдварын улмаас дэлхий дахины кинотеатрынхан царцсан байдалтай байгаа боловч “Tenet” кино 7-р сард нээлтээ хийхээр трэйлер нь олон нийтэд цацагдаад байгаа. Киноны шинэ туршилтад зориулан зоригтой алхам хийсэн Кристофер Нолан найруулагч үйл ажиллагаа нь түр зогссон кинотеатрынхныг эргэн үйл ажиллагаагаа эхлүүлэх эрч хүчийг өгч чадах болов уу гэдэг нь анхаарал татаж байна.
Зургийн эх сурвалж: Warner bros