Найруулагч Кристофер Ноланы шинэ бүтээл The Odyssey-г кино шүүмжлэгч нар ам булаалдан магтаж байна.

The Odyssey бол Эртний Грекийн найрагч Хомерын туульсаас сэдэвлэн бүтээсэн кино бөгөөд Кристофер Ноланы Оскараас шилдэг киноны шагнал авсан Oppenheimer-ын дараа олны хүртээл болгож буй том бүтээл юм.

Олон улсын томоохон хэвлэл мэдээллийнхэн уг киног өндрөөр үнэллээ.

The Telegraph “Оны шилдэг кино”, The Times “Төгс бүтээл”, Evening Standard “Гайхамшигтай” гэж үнэлсэн бол, Metro “Кино ертөнцийг орвонгоор нь эргүүллээ” гэж магтжээ.

Мэтт Дэймон, Зэндаяа, Том Холланд, Роберт Паттинсон, Чарлз Терон, Люпита Нионго нарын олонд танигдсан жүжигчид тус кинонд хамтран тогложээ.

Итакагийн хаан Одиссей(Мэтт Дэймон) Троягийн дайнаас хойш эхнэр хүүхэд(Энн Хэтэуэй, Том Холланд)-дээ эргэж очих замд гарч байгаагаар кино эхэлдэг. Одиссей домгийн олон хүн амьтантай таарч, Антиной(Роберт Паттинсон) хааныг эзгүйчлэн хатныг нь өөрийн болгохоор санаархана.

Variety “Асар өргөн цар хүрээтэй, зоримог алсын хараатай бүтээл болжээ. Үзэгчдийн сэтгэлийг 3 цагийн турш дэнслүүлж чадлаа” гэв. Evening Standard “Oppenheimer-аас илүү гайхамшигтай мэдрэмж төрүүлж байна” гэж магтав.

Жүжигчдийн жүжиглэлт ч сайн үнэлгээ авлаа. The Hollywood Reporter “Дэймон дүрийнхээ гүн, бараан дотоод ертөнцийг үнэмшилтэйгээр илэрхийлж, маш чадварлаг тогложээ” гэжээ. Ялангуяа Том Холландын тухай Deadline “Илүү төлөвшсөн гэдгээ харуулж чадлаа. Хамгийн шилдэг жүжиглэлт нь болжээ” гэсэн байна.

The Guardian, Empire, The Telegraph зэрэг хэвлэлүүд дээрх киног бүгд таван одоор үнэлсэн бөгөөд The Telegraph “Энэ онд гарсан кинонуудаас маргаангүй шилдэг нь” гэж дүгнэжээ.

Кино урлагийн түүхэнд эхнээсээ дуустал IMAX-ын камераар зургийг нь авсан анхны кино The Odyssey яг одоо кино театруудын дэлгэцнээ гарч байна.