Moana кинонд далай тэнгисийн сонгосон охин Моана(Кэтрин Лагайя) домогт баатар Мауи(Двэйн Жонсон)-тай цуг, хараагдсан арлыг аврахаар нууцлаг далайн аянд гарч байгаа тухай өгүүлдэг бөгөөд, Moana хүүхэлдэйн киноноос сэдэвлэн бүтээж буй Диснейн студийн уран бүтээл юм.

Хүүхэлдэйн кино нь 9 жилийн өмнө гарч байжээ. Тухайн үед Мауид дуу оруулж байсан Двэйн Жонсон энэ удаад ч Мауигийн дүрд тоглосон байна. Шинэ жүжигчин Кэтрин Лагайя эх бүтээлийн дүртэй маш төстэй гэдгээрээ олны анхаарлыг татаж эхэллээ.  

Hamilton, In the Heights мюзиклийг найруулсан Бродвэйн бүтээлч Томас Каил найруулагчаар ажиллаж, “Аливаа хүн ганцаараа биш гэдгээ мэдэрсэн үедээ зориг ордог гэсэн санааг дуу, бичлэгийн аргаар илэрхийлэхийг хүслээ, Моанад хайртай бүх хүнд хань болох кино шүү” гэж онцолж хэлжээ. Бас “Найруулагч хүн бүх багаа нэг зүг чигт удирдан чиглүүлэх ёстой. Аль болох сайн ойлголцохыг хичээсэн. Тайзны бүтээл найруулж байсан туршлага их хэрэг боллоо” гэжээ. Түүнчлэн “Кэтрин бид хоёрын хувьд анхны кино учраас мэдэхгүй зүйлээ шууд хүлээн зөвшөөрсөн. Туршлага арвин Двэйн Жонсон, шинэ жүжигчин Кэтрин Лагайя нартайгаа илэн далангүй санал солилцсоны ач тус их” гэж хэлсэн байна.  

Кэтрин Лагайя 32 мянган хүнээс шалгарч Моанагийн дүрийг бүтээх эрхийг авчээ. Найруулагч Каил “Кэтринийг хараад л шууд мэдсэн. Үг ярианы утга санаа, үйл явдлын орчин нөхцөл зэргийг маш сайн ойлгож байсан. Дуулах чадвараас гадна Моанагийн сэтгэл хөдлөл, хүсэл эрмэлзлийг ойлгож жүжиглэж байгаа нь сэтгэлд хүрсэн” гэж түүнийг сонгосон шалтгаанаа тайлбарласан байдаг. Мөн Двэйн Жонсонтой ч гайхалтай сайн хамтарч ажиллан гүн сэтгэгдэл үлдээснийг нь дурдав. Лагайя “Моана бол Номхон далайн арлын эмэгтэйчүүдийн төлөөлөл. Багаасаа л Моанаг үзэж, урам зориг авч өссөн. Моанагийн зүрх зориг, сониуч занг хүндэлдэг. Тэр бүхнээ эргэн дурсаж жүжиглэлээ” гэж сэтгэгдлээ хэлжээ.  

2016, 2024 онуудад нээлтээ хийж дэлхийн олон улс оронд танигдсан хүүхэлдэйн киноны 1, 2-р ангийн домогт баатар Мауид дуу оруулсан Двэйн Жонсон энэ удаа өөрийн биеэр Мауигийн дүрийг бүтээж, продюсероор ч хамтарч ажиллав. Ээж нь Полинез гаралтай самао хүн бөгөөд, өөрөө “Мауигийн дүрд тоглох хамгийн сайхан байлаа” гэж ам алджээ. Двэйн Жонсон “Энэ зун үзэх үзэсгэлэн төгөлдөр, сүр жавхаалаг, сэтгэл догдлом, тун сонирхолтой кино. Олон утга санааг агуулсан түрлэг давлагааг таашаан үзээрэй. Маш бахдалтай бүтээсэн дүр минь” гэж киногоо, дүрээ тодорхойлжээ.

Moana киногоо 7-р сарын 10-аас кино театруудын дэлгэцнээс үзээрэй.