Disclosure Day кинонд хүн төрөлхтөний мэдэж болохгүй маш том нууц, тэрхүү нууцыг хадгалсны эцэст ямар төлөөс төлөх болж байгааг өгүүлнэ. Спилбергийн бичсэн 52 хуудас санаанаас сэдэвлэн, Jurassic Park киноны зохиолч Дэвид Кепп 2 жилийн хугацаанд зохиолыг нь бичиж дуусгажээ.
Кинонд үл мэдэгдэх нисдэг биет, тариан талбайн том тойрог, Тагнуулын албаны алсаас тандах төсөл гэх мэт түүхэн ээдрээт хэрэг явдлуудаас санаа авч өвөрмөц ертөнцийг бүтээсэн байна. Ялангуяа найруулагч Спилбергийн хар багаасаа сонирхож судалсан сансар огторгуйн түүхтэй холбогдож байгаагаараа онцгой бүтээл гэж болно.
Найруулагчийн зүгээс аавтайгаа харсан Персейдийн солирын бороог эргэн дурсахдаа, “Тэр шөнөөс хойш оддын тэртээх сансар огторгуйд хөндлөн туулж зорчих соёл иргэншил байдаг болов уу гэсэн асуулт толгойд эргэлдэх болсон”, “Close Encounters of the Third Kind киног бүтээх үед энэ бүхэн бодитой бол ямар сайхан бэ гэж бодогдсон. Харин 50 жилийн дараа, одоо л бүгд үнэн гэдгийг мэдэхээрээ хүмүүс яаж гайхах бол гэж санагдлаа” хэмээн гүн бодол эргэцүүлэл нь юунд хөтөлснийг ярьжээ.
Дэлхийг донсолгосон нууцыг олж мэдэхийг зорьж буй телевизийн сэтгүүлч Маргаретын дүрийг бүтээсэн Эмили Блант дүрээ илүү тодруулахын тулд зураг авалтаас хэдэн сарын өмнө солонгос, орос хэл сурчээ. Түүний энэ хичээл зүтгэл харийнхны хэл илэрхийлэлд ч гүн тусгалаа олсон байна. Хиймэл оюуны авианы технологи ашиглалгүй, ам хүзүүндээ микрофон ойртуулж байгаад хүржигнэж түржигнэсэн авиа, этгээд амьсгааг бичүүлжээ. Шууд нэвтрүүлгийн үеэр учир үл мэдэх хэлээр ярьж гарах энэ хэсгийг трэйлерээс харах төдийд анхаарал ихэд татаж байна.
Стивен Спилберг “Эхний хэсгээс эхлээд бараг 20 минут үргэлжлэх төгсгөл хэсэг хүртэл тасралтгүй өрнөлтэй байлгахыг хичээлээ”, “Газар дэлхийд ямар үйл явдал тохиолдож, юуг хав дарсныг харуулахыг хүслээ” гэсэн нь энэ кино хэчнээн сонирхолтойг илтгэнэ.
Спилберг Jaws, E.T. the Extra-Terrestrial, Indiana Jones, Jurassic Park, Schindler’s List, Saving Private Ryan, Bridge of Spies, Ready Player One зэрэг киног найруулж, Back to the Future, Men in Black, Transformers, Jurassic World кинонд продюссероор ажилласан, цаг үе, төрөл жанрт баригдалгүй шилдэг бүтээл туурвигч, амьд домог билээ.
Disclosure Day яг одоо кино театруудын дэлгэцнээ гарч байна.






