Найруулагч Кристофер Ноланы шинэ бүтээл The Odyssey 7-р сарын 17-нд нээлтээ хийх гэж байна. Одиссейн “урт аян”-ыг харуулсан бичлэг дэлгэгдлээ. Кинонд эртний Грекийн домогт баатар Одиссейн эх нутгаа зорьсон түүхийг өгүүлнэ. Троягийн морины тактик ашиглаж ялалт байгуулсан Одиссей өөрийг нь харуулдан суугаа хайрт эхнэр Пенелопе ба нутаг усаа зорьж 10 жил олон сорилттой тулгарч байгаа тухай гарна.
Кристофер Нолан “Одиссейн агуу түүхээр кино хийнэ гэдэг өөрөө сонирхолтой сорилт” гэжээ. Одиссейн дүр Мэтт Дэймонд ногджээ. Тэрээр “Би намтар түүхэндээ хамгийн том бүтээлд тоглож байна. 6, 7 кинонд зэрэг тоглох шиг л хүндхэн санагдлаа” гэж дурссан байна. Афинад толгосон Зэндаяа зураг авалтын орчныг онцолжээ. “Завин дээр байгаа юм шиг жүжиглэх хэрэг гарсангүй. Жинхэнэ далайд жинхэнэ завин дээр байсан учраас”. Энэ нь киног бүтээхдээ компьютер графикийг аль болох цөөлөхийг чармайсныг нотолж байна.
Пенелопе болсон Энн Хэтэуэй ч гэсэн “Бодит байдалд л мэдэрч болох онцгой зүйл гэж байдаг. Орчинд нь мэдрэхээр жүжиглэлт ч ондоо болдог” гэжээ. Антинойн дүрд Роберт Паттинсон тоглосон бөгөөд, “Холливудын энгийн киноны үндсэн бааз нь зураг авалтын талбайн хажууд байдаг. Харин энэ удаа хувцас гутлаа өвч бүрэн өмсөөд 45 минут алхах хэрэгтэй болсон” гэв. Гол дүр Мэтт Дэймон “Зураг авах бүрдээ Энэ газрыг хэн санал болгосон юм бол? гэж боддог байлаа. Грекийн Несторын агуйд зураг авахад Ийм газрыг зураг авалтад ашиглая гэж бодсон найруулагчийг бахдаж байлаа” гэсэн нь найруулагчид хэр их итгэдэг болсныг илтгэж байна.
Телемахын дүрд тоглосон Том Холланд “Найруулагч Ноланы бусдаас онцгой байдгийн шалтгаан нь бүхнийг үнэн бодит болгох гэж хамаг байдгаараа мэрийдэгт оршино. Тийм ч болохоор кино театрт ирсэн үзэгчдийн сэтгэлийг бүрэн дүүрэн татаж чаддаг” гэж үнэлжээ. Мэтт Дэймон “Энэ кино бүтээл өөрөө Одиссейг төлөөлнө. Гайхамшигтай олон газар очно. Үзэгчид өөрийн эрхгүй дуу алдаж, баяр цэнгэл мэдрээсэй” гэж өгүүлжээ.
Зэндаяа “Фэний хувиар ч ихэд найдан хүлээж байна. IMAX театрт найруулагчийн бүтээсэн ертөнцөд бусад бүхнийг огоорон уусах тэр л мөчийг тэсэн ядан хүлээж байна” гэж сэтгэгдлээ хэлсэн байна.
The Odyssey 7-р сарын 17-нд нээлтээ хийнэ.






