“Ахмад Марвел 2” киноны найруулагчаар “Кэндимэн” киног найруулсан өнгөт арьст эмэгтэй найруулагч Ниа ДаКоста сонгогджээ. 8-р сарын 5-ны өдөр Америкийн “Deadline” сайтад Анна Боден, Райан Флек нарын хамтран найруулсан “Ахмад Марвел” киноны дараагийн ангийг Ниа ДаКоста найруулахаар болжээ хэмээн нийтэлсэн байна.
Дараагийн ангийн найруулагчийг солино гэдгийг урьдаас таамаглаж байсан. Учир нь “Марвел” компани өнгөрсөн хугацаанд “Ахмад Марвел”-аас гадна “Тор”, “Төмөр хүн”, “Ахмад Америк” зэрэг цуврал кинонуудын найруулагчийг байнга шинээр сонгож байсан билээ.
ДаКоста найруулагч “Little Woods” гэх бие даасан киногоо найруулсны дараа олон хүн түүний бүтээлийг онц сайн гэж дүгнэсэн. Тэдгээрийн нэг нь бидний сайн мэдэх “Get Out”, “Us” зэрэг кинонуудын зохиолыг бичиж, найруулсан Жордан Пил бөгөөд түүнд өөрийн шинэ бүтээл “Кэндимэн” киноны найруулагчаар ажиллах санал тавьснаар ДаКоста тус киноны найруулагчаар ажилласан байна.
Зургийн эх сурвалж: Disney