“007” цувралын шинэ бүтээл “007: Үхэх ч завгүй” кино удахгүй нээлтээ хийх гэж байгаа билээ. “Түүхэн дэх хамгийн аймшигтай өрсөлдөгч” гэж дуудагддаг Сафины талаарх бичлэг нийтэд цацагдсан. “Bohemian Rhapsody”-оос 180 градус өөрчлөгдсөн Рами Малек сэтгэл татам харизмагаар үзэгчдийн харцыг татах ажээ. “007: Үхэх ч завгүй” кинонд 6 дахь Жеймс Бонд болох Даниел Крэйг сүүлийн удаа тус дүрийг бүтээнэ гэдгээр маш их анхаарал татаж байгаа. Хүлээлт их үүсгэж байгаа шигээ олон янзаар таамаглал үүсгээд байна. Жеймс Бондын явсан газрууд, шинэ Бонд бүсгүй, мөн хорон санаатны талаар их сонирхож байгаа аж.
Өнөөг хүртэл цацагдсан мэдээллээс харахад шинэ ангид “007: Спектр”-ээс хойших хэдэн жилийн дараах үйл явдлын тухай өгүүлэх аж. Тэтгэвэрт гарсан тэрээр өмнөх ангид хамт байсан Суонн(Леа Сейду)-тай эв найртайгаар өдөр хоногийг өнгөрөөж байтал, байнга л тэгдэг шиг шинэ аюул тулгарч, тэрээр дахин дайснуудтай нүүр тулах болдог. Тэр бүхний цаана Рами Малекийн бүтээх Сафин байгаа. Багтай гарч ирсэн Сафин эхний трэйлер цацагдсан цагаас л ярианы сэдэв болоод байсан тэр багаа тайлахад нүүрэндээ том сорвитой байдаг аж.
Түүний зорилго бол дэлхийн хүн амын тоог бууруулах бөгөөд өөрийнх нь үйлдэл илүү сайхан дэлхийг бүтээнэ гэдэгт итгэдэг. Тэрээр дэлхийг дэг журамтай байлгахыг хүсдэгээ илэрхийлж, сая сая хүмүүсийг устгахаар төлөвлөдөг. Кэри Фукунага найруулагч “Сафины хийдэг зүйлс, хийхийг зорьж буй зүйлс нь Жеймс Бонд төдийгүй дэлхий нийтийг айлгах болно” гэж хэлжээ. Хөнөөлт нэгэн болох Сафин нь өнгөрсөн хэрэг явдлаас болж өшөө авах төлөвлөгөө зохиодог ба тэрээр Мадлинаас өшөө авах ажээ. Мадлин, Сафин хоёр өнгөрсөнд ямар харилцаатай байсан, тэр хоёрын дунд ямар зүйл болсон талаар одоогоор ил болоогүй байна.
Сафин нь Мадлин Суоннд хандан "хамгийн хайртай бүхнийг чинь ална" гэж хэлдэг. Харин Мадлин Суонн хариуд нь “Аль хэдийн бүх хүнээ алдсан” гэж хариулах нь хэн нэгэн аюулд өртөж, үхэлтэй нүүр тулж байгаа гэдгийг өгүүлэх ба энэ нь маш их сонирхол татаж байна. Мөн Сафин гэж хэн бэ гэдгийг олон янзаар таамаглаж байгаа ажээ. Өмнөх цувралд гарч байсан хорон санаатан байж ч болох ба Мадлинтай өнгөрсөнд таагүй харилцаатай, эсвэл хамтрагчийн харилцаатай байсан зэрэг олон янзаар таамаглаж байна.
Хүлээлт ихтэй байгаа шигээ “007: Үхэх ч завгүй” киноны агуулга, төгсгөл нь нууцлаг байгаа бөгөөд ялангуяа төгсгөлийн хэсэг гурван янзаар зураг авалт хийгдсэн, ямар төгсгөл нь жинхэнэ болохыг мэдэхгүй гэж гол дүрийг бүтээсэн Даниел Крейг хэлжээ. Үүнийг нээлтээ хийсний дараа кино театрт үзэх хэрэгтэй болох нь ээ. “Bohemian Rhapsody”-оор маш их орлого олсон, түүний энэ удаагийн бүтээл “007: Үхэх ч завгүй” нь маш их хүлээлт үүсгээд байгаа аж.
“007: Үхэх ч завгүй” кино 11-р сарын 20-ны өдөр нээлтээ хийнэ.
Зургийн эх сурвалж: Universal pictures