“Аватар 2”(найруулагч Жэймс Камерон) киноныхон 10-р сарын 27-ны өдөр албан ёсны твиттер хуудсаараа усан дотор зураг авахуулж байгаа Холливудын жүжигчин Кэйт Уинслетийн зургийг олон нийтэд дэлгэжээ. Тус зурагтай хамт Кэйт Уинслетийн саяхан Америкийн “Hollywood Reporter”-т өгсөн ярилцлагын нэг ишлэлийг оруулсан байна. Тэрээр тухайн ярилцлагын үеэр “Аватарын дүрд зориулж чөлөөт шумбалтыг сурна гэдэг итгэхийн аргагүй зүйл байсан. Усан дотор “7 минут 14 секунд” амьсгаагаа барьж чадсан. Яг галзуурах гэж байсан.” хэмээжээ. Кэйт Уинслет “Аватар 2” кинонд ямар дүр бүтээж байгаа нь хараахан нийтэд тодорхойгүй байна.
“Аватар 2” киноны гол дүрүүдийн нэг Сигурни Уивер нь мөн усан дотор хийгдсэн хүнд зураг авалтыг мөн гүйцэтгэсэн байна. Тусгай цэрэг болох шумбагчидтай хамт сургуулилсны эцэст арай хийн 6 минут амьсгаагаа барьж чадсан гэнэ. Сигурни Уивер гадаадын хэвлэлд “Осолтой зураг авалтад санаа зовж байсан боловч үнэхээр хийхийг хүссэн. Хэнийг ч “тэр хэтэрхий хөгширсөн учир чадахгүй” гэж бодоосой гэж хүсээгүй.” гэж хэлжээ.
“Аватар 2” кино 2022 оны 12-р сарын 16-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж. “Аватар 3” кино 2024 оны 12-р сарын 20-нд, “Аватар 4” болон “Аватар 5” кинонууд 2026 он, 2028 онд тус тус нээлтээ хийх ажээ.
Зургийн эх сурвалж: AVATAR албан ёсны твиттер
хуудас