Попын хаан гэгддэг Майкл Жексоны амьдралыг өгүүлэх Michael кино 4-р сарын 24-нд нээлтээ хийнэ. Universal Pictures компани одоогийн байдлаар тизер зурагт хуудас, тизер трэйлерийг олонд дэлгэжээ.
Майкл Жексон 1969 онд тайзнаа анх гарснаас хойш олон дуу нь хит болж, дэлхий даяар алдаршсан нэрт дуучин юм. Тэрээр 2009 онд хорвоог орхих хүртлээ поп хөгжмийн түүхэнд асар их нөлөөлсөн уран бүтээлчид тооцогддог.
Зурагт хуудсанд “Домогт хаан, түүний агуу эхлэл” гэсэн үгийг Майкл Жексоны амьдралыг харуулсан зургийн хамт оруулжээ.
Ойролцоогоор 1 минут 10 секунд үргэлжлэх тизер трэйлерт Майкл Жексон хэрхэн дэлхийн хүн болсныг харуулахыг зорьжээ. Куинси Жонс “Ая, дуу бэлэн болсон. Энэ бол чиний түүх” гэж хэлэхэд Майкл Жексон тайзнаа гарна.
Трэйлерийг дэлхийд хамгийн олон хувь борлуулагдсан Thriller цомгийн Wanna Be Startin’ Somethin’ дуугаар эхлүүлж, Billie Jean дуугаар төгсгөжээ.
Киног Training Day, The Magnificent Seven, The Equalizer кинонуудыг найруулж байсан Антуан Фукуа найруулж, кино зохиолыг Gladiator, The Last Samurai, The Aviator, 007 кино бүтээлүүдэд оролцсон Жон Логан бичсэн байна. Харин продюссероор Bohemian Rhapsody киног бүтээсэн Грэм Кинг ажиллажээ.

Майкл Жексоны дүрийг төрсөн ах Жермен Жексоны хүү, шинэ уран бүтээлч Жаафар Жексон бүтээснээс гадна, Ниа Лонг, Лора Харриер, Жулиано Круе Валди, Майлз Теллер, Колман Доминго нарын жүжигчид тоглосон байна.






