Гол дүрд нь Райан Гослингийн тоглосон Project Hail Mary киноны төсөв 200 сая ам. доллар давжээ.
Variety-аас анх энэ киног бүтээхэд 150 сая доллар зарцуулж байгаа гэж мэдэгдэж байсан билээ. Гэтэл кино энтертайнмент салбарын Puck-аас 248 сая доллар нэгэнт зарцуулсан тухай мэдээлэв. Их Британи зэрэг улсаас татварын буцаан олголттойг тооцвол бодит зардал нь 200 сая орчим болох бололтой.
Компьютер графикийг харамгүй хэрэглэсэн уран зөгнөлт кино учраас энэ хэртэй зардал гарсан нь тэгтлээ гайхах зүйл биш гэж зарим мэргэжилтэн үзэж байна. Хэдий тийм боловч ашиг олох хэмжээнд хүрье гэвэл 500 сая доллараас илүү орлого олох ёстой ажээ.
Одоогоор Хойд Америкт нээлтээ хийсэн эхний амралтын өдрүүдээр 50 сая орчим доллар олох байх хэмээн таамаглаж байна. Киног Энди Вейерийн бэстселлэр зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Хүн төрөлхтөнийг аврах даалгавар авсан нэгэн сансрын нисэгчийн тухай өгүүлнэ.
Саяхан цацагдсан трэйлер ч олны анхаарлыг татсаар байна. Ялангуяа Энди Вейерийн зохиолоос сэдэвлэж бүтээсэн The Martian-тай харьцуулагдаж эхлэв. Кино зохиолыг The Martian кинонд ажиллан Оскарт нэр дэвшсэн Дрю Годдард бичжээ. Мөн The Lego Movie, Spider-Man: Into the Spider-Verse киног бүтээхэд оролцсон Фил Лорд, Крис Миллер нар тус киног найруулж байна.
Project Hail Mary киноны ажил 2020 оны эхээр MGM студи 3 сая доллароор зохиогчийн эрхийг худалдан авснаар эхэлжээ. Үүний дараа Amazon компани MGM студийг өөртөө нэгтгэж өөрсдийн театруудаар энэ киноны нээлтийг хийхээр төлөвлөсөн юм байна.
Amazon MGM студи өөр хэд хэдэн том төсөлд оролцож байгаагаа мэдэгдсэн удаатай. Тухайлбал Masters of the Universe (200 сая ам. доллар), Highlander (180 сая ам. доллар), Thomas Crown Affair (100 гаруй сая ам. доллар), Crime 101 (100 сая ам. доллар) кинонуудыг дурдаж болно.
Project Hail Mary 2026 оны 3-р сарын 20-нд нээлтээ хийнэ. .






