Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг өөрөө солилоо. Тэгээд Thunderbolts* гэсэн нэр The New Avengers болсныг хараад хэдэнтээ толгой дохиод цааш явж одно. Өнгөрсөн 6-ны өдөр X сайтад дэлгэсэн энэ бичлэгийг нэг өдрийн дотор 3 сая 640 мянган хүн үзсэн байна.
Марвелаас Thunderbolts*-ыг The New Avengers болгож өөрчлөн сурталчлах ажилдаа орсон нь энэ ажээ. Албан ёсны сошиал сувагт жүжигчид нь Thunderbolts* киноны нэрийг The New Avengers болгож өөрчилсөн бичлэгийг оруулж дахин сурталчлах ажилд оролцож байна. Марвелын сайт, тасалбар борлуулах сайтад ч өөрчлөгдсөн нэр, шинэчилсэн зурагт хуудсыг ашиглаж шинэ сурталчилгаанд хүчин чармайлт гаргаж эхэлсэн нь харагдана.
Thunderbolts* бол Марвелын кинонуудад өвөрмөц дүр төрхтэй, асуудал бүхий баатруудаар нэг баг бүрдүүлж байгаа тухай өгүүлэх кино. Black Widow киноны Елена(Флоренс Пью), Captain America: The Winter Soldier-ийн Баки Барнс(Себастян Стэн), Captain America: Super Soldier-ийн Рэд Гардиан(Дэвид Харбор), Ахмад Америк байсан Жон Уокер(Уайат Рассел), тагнуулч байсан Гөүст(Ханна Жон-Камен) гэхчлэн шударга ёсыг сахиулагч супер баатруудаас хол хөндий хүмүүс нэгдэж дэм дэмэндээ жинхэнэ баг бүрдүүлж байгааг харуулах ажээ.
Ахмад Америк, Блэк Видоу, Төмөр хүн, Торр, Халк нарын баатрууд шударга үнэний төлөө тэмцэж Avengers нэрээр хүн төрөлхтнийг аварсан бол, Thunderbolts* дутуугийн комплекс, трауматай эсрэг дүрүүд тус тусын онцлогоор нэгдсэнээ тунхаглана. Ингэснээр Марвел өмнөх алдаа эндлийн улмаас сэтгэл шархалж, сүүдэр туссан дүрүүд нэг баг болж дэлхийд заналхийлэгчдийг сөрөн зогсож байгаа түүхээр баатарлаг туульсад өөр урсгал авчирч байна. Ялангуяа киноны төгсгөл хэсэгт Тагнуулын төвийн дарга Валентина(Жулиа Луис Дрейфус) тэднийг New Avengers гэж танилцуулахад тэд хоорондоо үнэхээр Авенжерс гэгдэх эрхтэй эсэхээ хэлэлцэж байгаагаар гардаг.
Кино 2-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд эхний долоо хоног өнгөрсөн боловч Марвелын зүгээс зурагт хуудас сольж шинээр сурталчлах ажлаараа Thunderbolts*-ын төгсгөлийн хэсгийг “өөрсдөө тодруулах сонголт” хийжээ. Киноны талаар төдийлөн ам нээхгүй болгоомжилж байсантай нь харьцуулбал хачирхалтай үйлдэл гэж дүгнэж болохоор байна. Энэ бол шинэ баатруудтай цуврал мэндэлснийг мэдэгдэж байгаа явдал.
Америкийн Variety сайт 6-ны өдөр "Лос Анжелест байрлуулсан сурталчилгааны том самбарт кино нээлтээ хийгээд эхний долоо хоног өнгөрмөгц киноны нэрийг Thunderbolts* байсныг New Avengers болгож өөрчиллөө" гэж мэдээлэв. Мөн Марвелын жүжигчид Thunderbolts* гэсэн гарчигтай зурагт хуудсыг хуулж ард нь нуугдсан New Avengers нэрийг ил гаргаж байгаа бичлэгийг дэлгэв. Америкийн тасалбар захиалгын сайт Fandango, кино үнэлгээний сайт Rotten Tomatoes дахь зурагт хуудасны гарчиг ч гэсэн New Avengers болж өөрчлөгджээ.
● The Avengers Аre Not Available байснаа New Avengers боллоо
Марвелын шүтэн бишрэгчид өмнөх гарчгийн *(од тэмдэглэгээ) ямар учиртайг мэдэхийг хүсэж байв. Марвел студийн тэргүүн Кевин Файги Сингапурт болсон Content Showcase-ийн үеэр гарчгийн ард од тэмдэглэсний учрыг тайлбарлахаас зайлсхийж "Киног үзэхээр тодорхой болно" гэж хэлж байсан юм.
Од тэмдэглэгээ бол англи хэлтэй улс орнуудад нэмэлт тайлбарыг илэрхийлэх бөгөөд, энэ удаа The Avengers Аre Not Available буюу Авенжерс эзгүй гэдгийг далд утгаар илэрхийлсэн гэж ойлгогдож байв. Гэтэл кино нээсний дараа киноны нэрийн ард байсан од тэмдэглэгээ New Avengers гэсэн утгатай байсан нь илэрхий болж, үзэгчдийн сониучирхалд хариу өглөө.
Найруулагч Жейк Шрайер Америкийн өдөр тутмын Нью-Йорк таймс сонинд "Кинонд Валентина New Avengers-ыг дэлхий дахинд хүргэхийн тулд нэг төрлийн заль хэрэглэсэн байхад, бид ч гэсэн маркетингдаа “алга урвуулах”(switcheroo) аргаар санаандгүй эргэлт хийж болох юм байна гэж бодогдсон" гээд "Од тэмдэглэгээ бүтэн жилийн турш киноны нэрэнд байсныг санаад “албадсан тайлбар” гэлгүй “төлөвлөгөөтэй байж”, ингэх гээд л удаад байж гэсэн байдлаар ойлгогдоосой" гэж тайлбарлажээ.
Шрайер "Марвел энэ санааг хүлээж авсан нь тун сонирхолтой", "Энэ мэдээлэл илүү дуулиан тарихыг мэдэж байсан юм. Цаашдаа хэрхэн хүлээж авахыг харцгаая" гэжээ.
Thunderbolts* хойшид Марвелын найдлага тавьж байгаа The Fantastic Four: First Steps, Avengers: Doomsday кинонуудтай холбогдож Марвелын кино ертөнцөд байр сууриа улам бататгахаар байна. Кино дуусахад гарч байгаа хоёр нэмэлт бичлэгийн нэг нь The Fantastic Four: First Steps-тэй холбоотой бөгөөд Гайхамшигт дөрвийн сансрын хөлөг ондоо хэмжигдэхүүнээс дэлхийн тойрог замд нэвтрэхийг харж байгаа New Avengers-ийн гишүүд зэрвэс гардаг.
Энэ талаар Шрайер "Тэр хэсгийг Avengers: Doomsday киноны зургийн үеэр ах дүү Руссо нар хариуцаж авсан", "Би бас тэнд байсан. Тийм том ажил амжуулж байгааг нь харахад зугаатай байлаа" гэж хэлсэн байна. The Fantastic Four: First Steps 7-р сард нээлтээ хийж, Thunderbolts-ийн гишүүд New Avengers болж гарах учир анхаарал татаж байна.