Яагаад кино театр хэрэгтэй гэж?
“Аватар: Гал ба үнс(Аватар 3)” энэ асуултад хариуллаа. “Аватар 3” кино театрт кино үзэх яагаад чухлыг уртаас урт 3 цагийн турш танд нотолно. Товчхондоо энэ бол технологийн урлаг.
Кино театрууд амь орж эхэллээ. Яах аргагүй “Аватар 3”-ын ач. Үзэгчид ч магтаалаа харамласангүй. IMAX, 4DX, 3DX-ээр үзээрэй гэсэн сэтгэгдлүүд хөвөрсөөр.
“Аватар 3”-ын технологи яриангүй сайн. 400 сая доллараар бүтсэн кино. 30 сая гаруй хүнтэй баг бүрэлдэхүүн 4 гаруй жил 3,500 удаагийн VFX зураг авч бүтээсэн гээд л бод. Киноны бүхий л үйл явдал тусгай эффектээр дүүрэн.
Найруулагч Жэймс Камероны “Төсөөлсөн бүхнээ дэлгэцнээ амилуулж болох цаг иржээ” гэж хэлсэнчлэн технологийн дэвшлийг бодитой мэдрүүлж чадлаа. Киног үзсэний дараа ч энэ бол хэтрүүлэг биш гэдгийг ойлгох болно.
Ялангуяа өмнөх “Аватар: Усны зам” ангид гарч байсан усны хэсгүүд улам сайжирчээ. Зоргоор аашлагч тэнгэрийн хүмүүсийн эсрэг тулкунууд ухаалаг сонголт хийж, навичуудын тэмцэл ч сүр далайцтай өрнөнө.
Пандора гарагийн үзэмж төгөлдрийг дэлгэн харуулж, харгисаар сүйдэлж, баатарлагаар хамгаална. Үзсэндээ харамсахгүй гэсэн сэтгэгдэл үргэлжилсээр байгаан шалтгаан энэ.
Үзэж харах зүйлээс гадна агуулгын хувьд ч ахиц анзаарагдана. Довтолгоо > Пандорагийн тэмцэл > бахдам ялалт гэсэн зохиомжоор илүү дэлгэрэнгүй туульсыг өгүүлнэ.
Тэр дундаа үнсний овог манкванууд “Аватар”-ын үндсэн үзэл санааг тод томруун үзүүлэх сонголт болжээ. Тэд Эйваг үгүйсгэж, гартаа тэнгэрийн хүмүүсийн бууг атгаж эсрэг талд зогсоно.
“Аватар” цувралын тэнгэрийн хүмүүс бол Америкийн империализмын харгис түүхийг сануулж буй дүрүүд. Манкванууд нь империализмд даган баяссан уугуул иргэд хэрхэн харгис үйлдэл хийж байгааг илэрхийлнэ. Мэдээж тэдний холбоо хэрхэвч эрх тэгш биш гэдэг нь тодорхой.
Кири(Сигурни Уивер)-гийн чадвар, чухам хэн бэ гэдэг нь ч нууцлаг. Кири, Эйва хоёрын хэсэг мөн л санаанд хоногшиж үлдэнэ. Дээр нь Спайдер(Жэк Чэмпион)-ын биеийн өөрчлөлт бас нэгийг зөгнөнө.