Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогтоож, Америкт тасалбарын урьдчилсан борлуулалт нь 10 сая доллар давжээ.
Японд хамгийн богино хугацаанд 20 тэрбум иений орлоготой кино болж, 30 тэрбум өөд маш хурдтай урагшилж байна.
Орлогоос гадна бүтээлийн чанарыг хүмүүс сайшаасаар байна. Кино урлагийн мэдээллийн хэрэгслүүдээр энэ киног дараа жилийн Оскарт анимэйшн төрөлд нэр дэвшүүлнэ байх гэж таамаглажээ. Бүрэн хэмжээний “Чөтгөрийн ангууч: Хязгааргүй цайз” кино хэрхэн олны сэтгэлийг эзэмдэв?
“Чөтгөрийн ангууч” бол чөтгөрийн ангуучдын салаанд нэгдсэн Танжирогийн түүх. “Хязгааргүй цайз” ангид чөтгөрүүдийн үүр уурхай Хязгааргүй цайзад ангуучид хэрхэн чөтгөрүүдтэй тэмцэлдэж байгааг өгүүлнэ.
“Чөтгөрийн ангууч” анимэйшн олны талархал хүлээсэн нь телевизийн цуврал -> бүрэн хэмжээний кино -> дараагийн цуврал болж үргэлжлэх шат дараалалтай фэндом бүрдүүлэх стратегитай холбоотой. Үйл явдал яаж өрнөөд яаж дуусахыг үзэхийг хүсвэл энэ бүгдээс хоцорч болохгүй.
Телевизийн эхний цувралын төгсгөл “Мөнхийн галт тэрэг”-ийг урьд нь бүрэн хэмжээний кино болгон нээлтээ хийж байсан бол энэ удаа Хязгааргүй цайзыг 3 ангит бүрэн хэмжээний кино болгож кино театрт гаргахаар болжээ. Иймд фэнүүд нь кинотеатрыг дуртайяа зорьж байна.
OTT буюу интернэтэд суурилсан телевизийн олон суваг, видео стрийминг үйлчилгээгээр хуучин галзуу фэнүүдээсээ гадна олон шинэ фэнүүдтэй болж фэндомынхоо цар хүрээг тэлж чадсаны ачаар Японы бокс оффист тэргүүлж(40 тэрбум гаруй иен) чадлаа.
Юфотэйбл компанийн ур хийц ч дорвитой хувь нэмэр оруулав. Комикийн дутууг гүйцээж өчүүхэн гэж болох хэсгүүдийг ч гайхалтай амьдруулжээ.
Ялангуяа энэ удаагийн Хязгааргүй цайз анги чанараараа бусдыг дагуулж байна. Хязгааргүй цайзад физикийн хуулийг зөрчиж геометрээр хэлбэрийг нь өөрчилсөн барилга байгууламжууд гардаг.
Накимэгийн бийбаа хөгжмийн аянд шат хөмөрч тааз нь шал болно. Салааныхан үймэлдэж тэнцвэрийн мэдрэмжээ алдаж эхэлнэ. Энэ нь чөтгөрүүдийн бас нэг зэвсэг болж байна гэсэн үг.
Юфотэйбл орон зайг чадамгай тэлж томруулан хэлбэрийг гажуудуулсан Хязгааргүй цайзын орчныг 3D компьютер графикаар бүтээжээ. Зүг зүгт хөтлөх камер хөдөлгөөний урсгал дээр 2D зургийг уусган дүрсэлсэн байна.
Камер Хязгааргүй цайзын дотор дүүлэх мэт хөдлөхөд бодит мэдрэмж даацтай нэмэгдэнэ. Бодит биш орон зайг яаж бодитой мэдрүүлж болохыг та эндээс харж болно. Паркийн галзуу хулгана шиг хурдлан довтолгох орчинд тулаан өрнөнө.
Юфотэйбл эх зургийн ажилд л гэхэд хэдэн зуун хүн оролцуулж, олон арван найруулагч хамт ажиллуулжээ.
Тулааны хэсэг хамгийн их анхаарал татаж байгаа нь зөвхөн тулаандаа биш дүрүүдийн үг яриа, зохиомжтой яв цав нийлж байгаатай холбоотой. Тулаан, дурсамж ээлжлэн сэтгэлийн утсыг хөндөнө.
Зогсоо зайгүй тулалдаж байснаа дурсамжийн хэсэгт тайвширч амьсгаа чөлөөтэй авна. Тэгснээ дахиад л тулаан эхэлж тэсрэлт дэлбэрэлт нэмэгдэж сэтгэл хөвөлзөнө.
Киноны чөтгөрүүд бас өөр өөрийн түүхтэй, гунигт дүрүүд. Энгийн нэг эсрэг дүр биш олон талт дүр учраас нэгийг бодогдуулна. Үзэгчид энэ дүрд угаасаа дуртай байсан мэт сэтгэгдэхээр киног бүтээжээ.
Дүрүүдтэй хамт сэтгэл шархалж, саад бэрхшээлийг даван туулж, өсөн дэвжинэ. 2 цаг 35 минутын хугацаа ямар хурдан өнгөрчихөв гэж бодогдох болно.
Гол дүр Танжирогийн аян гэр бүлээ гэсэн эрэл. Эгэл хөвгүүний дүрээс хэл яриагаараа ялгарна. “Гэр бүлээ гэх чин сэтгэл” хэмээх түгээмэл сэдвээр түмний хайрыг булаана.
9-р сарын 12-нд нээлтээ хийх “Чөтгөрийн ангууч: Хязгааргүй цайз” кино 3 ангит цувралын эхнийх нь бөгөөд, дахиад 2 анги байгаа. Бусад ангиудыг анх 2026, 2027 онуудад нээх төлөвлөгөөтэй байсан боловч эхний киног бүтээх явц нэлээд сунжирсантай уялдан 2-р анги 2027 онд гарах, эсвэл бүр хойшлох ч магадлалтай ажээ.
2-р ангид салааны гишүүд Домагаас эхлээд Хязгааргүй цайзыг байгуулж удирддаг Накимэ, хүчирхэг Кокүшибо нарын эсрэг тэмцэх юм байна.