2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар 2.9 тэрбум долларын орлого олсноороо дэлхийн дээд амжилтыг 16 дахь жилдээ эзэмшиж байна. Харин 2022 онд цувралын хоёр дахь анги Avatar: The Way of Water 2.3 тэрбумын үзүүлэлтээр дэлхийд 3-р байранд бичигдсэн юм.
Гурав дахь анги Avatar: Fire and Ash-д найруулагч Жэймс Камерон өмнөх ангиас өөр аюул нөмөрсөн Саллигийн гэр бүлийн түүх, цувралд анх удаа гарч байгаа үнсний овог, Пандорагийн содон төрх, ширүүн тэмцлийг харуулжээ.
Киноны трэйлерт дуу алдуулам үзэмж, урьд нь үзэж харж байгаагүй Пандорагийн шинэ ертөнц дэх хүчтэй аураг илэрхийлэх үнсний овог гэхчилэн бүхий л талаараа онцгой өөрчлөлтүүдийн зах зухаас багтаажээ.
Жэйк Салли(Сэм Уортингтон), Нэйтири(Зои Салдана) нар ууган хүү Нэтейамаа алдсанаас хойш уй гашууд автаж байгаа нь эхлээд дэлгэцнээ тодорно.
Шаналан буй Нэйтирид хандан “Ингэж үзэн ядалттай амьдарч болохгүй!” гэж хашхирах Салли. Энэ нь нэгнээ алдсан Саллигийн гэр бүлд томоохон өөрчлөлт гарсныг илтгэнэ. Мөн тэдэнд заналхийлж буй хар сүүдэр сэтгэл түгшээнэ.
Пандорагийн ертөнц өмнөхөөсөө тэлж томорсон нь гайхшрал төрүүлнэ. Avatar: Fire and Ash нь хүн төрөлхтөн, нави овгийнхны хоорондын зөрчлөөс гадна шинээр гарч ирсэн үнсний овогтой хэрхэн сөргөлдөж байгааг өгүүлж, өнгө алагласан Пандорагийн өнцөг булангаас үзүүлж сонирхуулан нүд булаах болно. Трэйлерт дүрслэгдсэн ой шугуй, далай тэнгисийн тэртээ үнсэнд бүрхэгдсэн газар нутаг, тэнд өрнөх асар ширүүн тэмцэл дахин нэг удаа үзэгчдийг удтал дэлгэцээс нүд салгалгүй ширтүүлэх ажээ.
Өмнөх ангиудад танил болж, хайр хүндлэл хүлээсэн Сэм Уортингтон, Зои Салдана, Сигурни Уивер, Стивен Ланг, Кэйт Уинслет нар эргэн ирэх бөгөөд, шинэ дүрүүдийг Уна Чаплин, Дэвид Тьюлис нар бүтээж байна.
Avatar: Fire and Ash кино 12-р сарын 19-нд нээнэ.