Эмили Бронтегийн “Шуурах өндөрлөг” романаас сэдэвлэсэн Wuthering Heights кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. 2-р сарын 13-нд нээлтээ хийх тус кинонд алс зэлүүд Йоркшир дахь сууцанд хувь тавилангаар учирсан Кэти, Хитклиф нарын хүчтэй хайр, гашуун өс хонзонг өгүүлдэг. Эл бүтээл нь сонгодог зохиолын донжийг сэргээн дүрслээд зогсохгүй, дүрүүдийн улайрал, галзуурлыг орчин үеийн аргаар илэрхийлснээрээ үзэгчдийг өндөлзүүлэх ажээ.
Promising Young Woman, Saltburn кинонуудаараа Холливудад онцгойрсон найруулагч Эмералд Феннелийн дараагийн кино. Эх зохиолд нь учиргүй дуртайгаа хэлж байсан Феннел байдаг л нэг кино хийхийг хүссэнгүй, зоримог сонголт хийжээ. Хоёр удмын эмгэнэлт түүхийг биш Кэти, Хитклиф нарын сэвгүй хайр, хүсэл тачаалыг илүүтэй анхаарч, сүүлийн үеийн цэнгээнт нэвтрүүлгээс дутахааргүй анхаарал татаж, сэтгэл түгшээхүйц шийдлүүдийг оруулсан байна. Ялангуяа дүрийн хариу үйлдлийг тод харуулахын тулд сонгодог дүр төрхөөс гадна тренд дуу хөгжмөөр хачирлаж найруулжээ.
Жүжигчдийн бүрэлдэхүүн нь ч илт сонирхолтой. Дэлхийд танигдсан Марго Робби чөлөөтэй, хувьсамтгай Кэтигийн дүрийн бүтээж, халуун хайр ба хатуу амьдралын завсар яах учраа олохгүй байгааг нарийн харуулсан байна. Сүнсний хань, өс хонзонгийн хувилгаан Хитклифийн дүрийг нэр төр нь ид мандаж буй Жэйкоб Эллорди бүтээжээ. Эллордигийн дур булаам бие, хүчирхэг харц ээлжилж, цор ганц хайртыгаа гэсэн сэтгэл, дүрсхийх үзэн ядалтыг төгс харуулж чадсанд эргэлзэх хэрэггүй. Дээр нь Хун Чау, Элисон Оливер нарын чадварлаг жүжиглэлт үйл явдлыг улам хурцатгана.
Энэ киног сайтар ухаж ойлгоё гэвэл эхлээд Холливудын кино багийн бүтээсэн дүр дүрслэлийг ойшоон үзээрэй. La La Land киногоор Оскарын шагнал авсан зураглаач Линус Сандгрен Йоркширын ус бороо, манан будан, сүрлэг сууцыг гэрэл зургийн хальсанд багтааж Готик маягийн уран зураг шиг дүрсэлжээ. Үг яриагаар биш орон зайгаар илэрхийлэх продакшн дизайн нь үнэхээр алмайруулам. Хитклифийн ганцаардлыг тод харуулахын тулд гал тогооны таазыг намхан байхаар бодож, Кэтигийн арьсыг санагдуулам хана туурга, унтлагын өрөө ажваас жигтэй мэдрэмж төрүүлнэ.
Бас нэг анхаарах ёстой зүйл бол дүрийн хүсэл тачаалыг өмссөн зүүсэн, будсан шунхадсанаас харж болж байгаа явдал. Хувцас хэрэглэл хариуцсан найруулагч, Оскарын шагналт Жаклин Дюрран гол дүр Кэтид зориулж 38 өөр даашинз захиалан урлуулж, үйл явдлын өрнөлийг даган хар, цагаан, улаан болж өөрчлөгдөх хувцасны өнгөөр дүрийн сэтгэл санааны өөрчлөлтийг харуулахыг зорьсон байна. Шанелийн хуучны гоёл зүүсгэлээр сонгодог хэв маягийг зоримог гаргаж, 3D сканнерын аргаар яг л байх ёстой газраа байх Кэтигийн сэвхийг чамбай дүрсэлсэн зэрэг нь дэлгэцнээ ахин дахин ялгарч харагдана.
Эцэст нь олны танил Charli XCX-ийн оролцсон ая дуу чанд хатуу зааг хязгаарыг эвдэнэ. Сонгодог тайз засал, шинэ цагийн аялгуу киноны дүрүүдийн сэтгэлд үзэгчдийг улам ойртуулна.